True


Мөөгөнцөр үү эсвэл бактер уу?

Бүсгүй таны эмзэг орчин ба үрэвсэлт өвчнүүдийн эргэн тойронд

Таны эмзэг орчин нэг л тухгүй оргиж сандал дээрээ ч тогтож сууж чадахгүй байна уу?

Магадгүй ердийнхөөс өөр эвгүй үнэр гараад байна уу?

Та аль болох түргэн зовиураасаа салмаар байна уу?

Та санаа зоволтгүй, ихэнх эмэгтэйчүүд тантай ижил байдалд орж байсан. Хэдийгээр эдгээр зовиурууд нь тун таагүй боловч ертөнцийн төгсгөл бас биш юм. Та нян, мөөгөнцөр эсвэл вирүсийн халдвар авсан байж болно. Эсвэл зүгээр л саван, угаалгын бодис, дотуур хувцас таны эмзэг арьсыг цочроогоод байгаа ч байж болно.

Шалтгааныг зөв тогтоох нь зөв эмчилгээ хийхийн суурь бөгөөд яг ямар шалтгаан байгааг тодорхойлоход төдийлөн амар байдаггүй. Иймд та мэргэжлийн эмчээс тусламж хүсээрэй.

Үтрээний үрэвслийн хамгийн нийтлэг төрлүүд

  • Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл
  • Мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвсэл
  • Хламид
  • Заг хүйтэн
  • Харшил
  • Трихомонад
  • Вирүсийн гаралтай үтрээний үрэвсэл

Хэдийгээр ондоо шинж тэмдэгтэй боловч зөв оношлох нь туршлагатай нарийн мэргэжлийн эмчид ч ярвигтай ажил байдаг. Нэг асуудал нь гэхэд олон төрлийн халдвар хавсарсан байж болдог.

Магадгүй таны үтрээ үрэвсэлтэй боловч ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэхгүй байж болно.

Ямар шинж тэмдгийг хэвийн ямрыг нь эмгэг гэж үзэх вэ?

Эмэгтэй хүний үтрээ нь хэвийн үед байнга шүүрэл ялгаруулж байдаг ба энэ нь үтрээ өөрийгөө цэвэршүүлэх үйл ажиллагаа юм. Энэхүү шүүрэл нь тунгалаг эсвэл бага зэргийн цайвар өнгөтэй байж болох бөгөөд элдэв хурц үнэргүй, загатнуулдаггүй. Сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалж хэмжээ, өнгө ба өтгөн эсвэл шингэн байх нь тогтмол өөрчлөгдөж байдаг.

Дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандаарай:

  • Хэрэв таны үтрээний шүүрэл өтгөрөх, өнгө эсвэл үнэр нь өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл
  • Үтрээний амсар загатнах, хорсох, хавдах эсвэл хөндүүрлэх шинж тэмдэг илэрвэл
  • Шээхэд хорсох
  • Бэлгийн харьцааны үед таагүй байх

Мөөгөнцөр үү эсвэл Бактер уу?

Үтрээний үрэвсэл үүсгэдэг хамгийн нийтлэг хоёр үүсгэгч нь таны үтрээнд хэвийн үед ч амьдарч байдаг ба үтрээний тэнцвэрт орчин алдагдахад хэт үржиж эмгэг үүсгэдэг. Шинж тэмдэг нь ижил төстэй байж болдог. Аль ч тохиолдолд цагаан эсвэл сааралдуу өнгөтэй шүүрэл ялгарч болно. Тэгвэл яаж ялгах вэ? Хэрэв муудсан загастай төстэй үнэр гарч байвал бактерийн гаралтай үрэвсэл байх магадлал өндөр. Хэрвээ ээдэм төст шүүрэл гарч байвал мөөгөнцөр байх илүү магадлалтай. Хэдийгээр бактерийн гаралтай үрэвслийн үед загатнаж болох боловч мөөгөнцрийн гаралтай үрэвслийн үед илүүтэй загатнаж хорсдог. Эсвэл танд энэхүү хоёр үүсгэгч нь хавсарч үрэвсэл үүсгэсэн байж бас болно.

Үтрээний үрэвслийг бэлгийн замаар халддаг үүсгэгчид мөн үүсгэдэг. Эдгээр нь:

  • Хламид
  • Заг хүйтэн
  • Херпес вирүс / Бэлгийн хомхой /
  • Папилома вирус
  • Трихомонад

Эдгээр бэлгийн замын халдварууд нь илтгэх онцгой шинж тэмдэггүйгээр өвчин үүсгэж болдог тул та хэрэв идэвхитэй бэлгийн амьдралтай бол эмчтэйгээ зөвлөлдөн бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээ өгөөрэй.

Хэрэв эмчлэхгүй бол эдгээр нь таны нөхөн үржихүйн эрхтэнийг эргэлт буцалтгүйгээр гэмтээж, олон төрлийн эрүүл мэндийн асуудал үүсгэх боломжтой. Мэдээж та хамтрагчдаа дамжуулах эрсдэлтэй.

Халдварын бус гаралтай үтрээний үрэвсэл:

Зарим тохиолдолд загатнах, хорсох тэр бүү хэл шүүрэл өөрчлөгдөх нь халдварын шалтгаангүйгээр тохиолдож болно. Ихэвчлэн доор дурдсан болон бусад төрлийн бүтээгдэхүүнээс харшил өгсөнөөс шалтгаалсан байдаг:

  • Угаалгын бодис
  • Үтрээний угаалгын шингэн
  • Хувцас зайлагч
  • Үнэртэн агуулсан саван
  • Эр бэлгийн эс устгах үйлдэлтэй бүтээгдэхүүнүүд
  • Бэлэг эрхтэн орчимд хэрэглэдэг янз бүрийн цацлагууд г.м.

Эдгээр шинж тэмдгүүд нь мөн цэвэршилт, өндгөвчөө авхуулсан зэргээс шалтгаалсан дааврын өөрчлөлтөөс болж илэрч болно. Дааврын өөрчлөлт нь үтрээний хуурайшилд хүргэн атопик вагинит үүсгэдэг. Бэлгийн харьцааны үед өвдөлттэй байж болох ба загатнах хорсох шинж тэмдгүүд мөн илэрч болно.

Эмчилгээ:

Үтрээний үрэвслийн үр дүнтэй эмчлэх түлхүүр нь зөв оношлогоо юм.

Яг ямар үед ямар шинж тэмдгүүд илэрч байгаад анхаарал хандуулж эмчдээ гарсан ялгарлын өнгө үнэр гэх мэт шинж тэмдгүүдийг нарийн тайлбарлаж өгөхөд бэлэн байгаарай. Эмчид очихын өмнө үтрээний угаалга хийхгүй ба 24-48 цагийн дотор бэлгийн харьцаанд оролгүй очих нь шинжилгээний хариу зөв гарах үндэс болно.

 Та барагцаагаар ямар үрэвсэл гэдгийг нь мэдэж байсан ч гэсэн эмийн сангаас ямар нэг эм авч хэрэглэхгүйгээр эмчдээ хандаарай.

Хэрэв халдварын бус гаралтай үрэвсэл байгаа бол та шалтгаантай нь тэмцэх нь зөв юм. Хэрэв таны эмзэг арьс аливаа зүйлээс харшилсан байж болох бол харшилсан зүйлээ олж хэрэглээг зогсоох шаардлагатай. Дааврын өөрчлөлтөөс шалтгаалж үрэвсэж байгаа бол эмчийн зааврын дагуу дааврын эмчилгээ хийлгэх нь зүйтэй.

Үтрээний үрэвслээс урьдчилан сэргийлэх нь:

Та эмзэг эрхтэн орчмоо цэвэр, хуурай байлгаарай. Гэхдээ үнэртэн агуулсан саван болон элдэв цацлага хэрэглэхийг эмч нар зөвлөдөггүй. Үтрээний угаалга нь эмзэгшил үүсгэж болох ба хамгийн гол нь үрэвслийг нуух, цааш нь даамжруулах эрсдэлтэй. Мөн таны үтрээний ашигтай бактерийг устгаж хэвийн орчинг алдагдуулдаг. Иймд үтрээний угаалгыг хийж огт болохгүй.

Дулаан болон чийг нэвтрүүлдэггүй хувцаснаас татгалзаарай. Синтетик дотуур хувцас, бариу жинс, агаар нэвтрүүлдэггүй бэлтгэлийн хувцас болон даавуун оруулгагүй шилэн трико зэрэг нь мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвсэл үүсэхэд хүргэж болдог.

Бэлгийн харьцааны үед бэлгэвч хэрэглэх нь бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлнэ.

Жил тутамд эмэгтэйчүүдийн эмчид очиж бүрэн шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

Мөн хамгийн чухал урьдчилан сэргийлэх болон дахилтаас сэргийлэх арга нь сүүн хүчлийн бактертай үтрээний бэлдмэлүүдийг ашиглан үтрээний хэвийн орчиноо нөхөн сэргээх, хэвийн орчиноо барих явдал юм.

Хэт улаан туяаны эмчилгээ болон түүний ач тус
Хэт улаан туяа нь хүний нүдэнд харагдахгүй, үзэгдэх гэрлээс урт долгионы урттай цахилгаан  соронзон долгион юм.

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.